Он цагийн хэлхээс

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл...

Он цагийн хэлхээс

‘81

Бага нас болон боловсрол

Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Хүүхэд насаа өвөөтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд 5 нас хүртлээ хэлд ороогүй хүүг тусгай сургуульд оруулах талаар санал тавьж байсан ч гэсэн өвөө нь шантралгүй зүтгэсээр  одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаанд аваачиж хэлд оруулжээ. Арван жилдээ нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ. Улмаар Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөгчид хотыг зорьж байхад тэрээр төрөлх сумаа зорьсон юм.

‘01

Хорин нэгэн настай Тамгын газрын дарга

Сургуулиа төгсөөд очсон залуу боловсон хүчинг эхлээд манаачаар ажиллах санал тавихад татгалзалгүй ажилласан бөгөөд арваад хоногийн дараа Тамгын газрын даргаар томилогдов. Ажил голдог эсэхийг мэдэхийг хүссэн шалгуурт тэнцсэн нь энэ байжээ. Цэрэг татлагыг амжилттай зохион байгуулах, архидалтын эсрэг тэмцэх, зуд нүүрлэсэн сумдад арга хэмжээ авах зэргээр залуу даргын өмнө олон асуудал байсан. Тухайн үед хот хөдөөгийн ялгааг маш ихээр мэдэрч байсан түүний үзэл бодол одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй.  2015 онд өөрийн гаргасан хоёр дахь ном болох Азийн хүлэг улсдаа энэ талаар нарийвчлан бичсэн байдаг.

‘02

Дэлхийн Зөнгийн Оюун-Эрдэнэ

Хот хөдөөг холбох чиглэлээр санаачлага гаргаж олон ч олон улсын байгууллагын үүд тогшсоны эцэст тэрээр Дэлхийн Зөн ОУБ-ын Уоррен гэгч эрхмийн анхаарлыг татаж, олон улсын  төслийг орон нутгаа хэрэгжүүлэх үндсээ тавьж чадсан юм.  Уоррен санал тавьсны дагуу Хэнтий аймаг дахь Дэлхийн Зөнгийн салбар болох Хан Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн багийн ахлагчаар ажиллаж эхлэв. Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг иргэдийн өөрсдийн оролцоонд нь тулгуурлан хөгжилд хөтлөх олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан нь үндэсний хэмжээнд шилдгээр шалгарч бүсийн захирлын хэмжээнд хүргэж байжээ. Мөн өөрөө үгийг нь бичиж , өөрсдийн сүлд дуутай ч болж байжээ. Тухайн үед Авсралийн Мельбурний Их сургуулийн олон улсын төслийн менежентийн хөтөлбөрт суралцсан.

‘02

Гэр бүл болон хувийн амьдрал

Арван жилийн ангийн охинтойгоо гэр бүл болсон бөгөөд одоо эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг.

‘05

"Алсын хараа" номын нээлт

Тэртээ 11 жилийн өмнө 25 настай залуу уурхайн буйдхан тосгонд өдрийн тэмдэглэлдээ тулгуурлан бичсэн энэхүү бүтээл өнөөдрийг хүртэл уншигдаж, шинэ залуу үеийн ширээний номын жагсаалтад багтсаар өнөөдрийг хүрч 10 дахь удаагаа хэвлэгдээд байна. 

“Алсын хараа таны хил хязгаарыг тэлнэ” хэмээх тодотголтой  “Алсын хараа” бүтээлийнхээ өмнөтгөлд зохиогч “Мөрөөдөл таны хүсч байгаагаас илүүг өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бидний амьдрал, залуу нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу Үе Та!!!“ хэмээн бичжээ. 

‘08

Баянзүрх- нэг зүрх төслийн санаачлагч

2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж “Баянзүрх-нэг зүрх” аяныг санаачлан эхлүүлж байсан нь улмаар сонгуулийн кампанит ажлын уриа болж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулж байв.  Олон улсын байгууллагад олон жил ажилласан туршлагаасаа үүдэн оновчтой төрийн бодлого хөгжлийн гарц болохыг ойлгож, намын анхан шатны байгууллага болох 27-р үүрийн даргаар ажиллаж эхлэв. 2009 онд өөрийн өдрийн тэмдэглэл дээр тулгуурлан бичсэн анхны ном болох “Алсын хараа”-аа олон нийтийн хүртээл болгож тухайн үедээ бестселлер болж байв.

‘09

Ардын намын залуу лидер

 2009 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор намын удирдлагууд дотоод өөрчлөлт хийсний дагуу Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов.  Намын нэрээс эхлээд олон түвшинд шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй байгаа ойлгосон залуу Агенда 6 хөтөлбөрийг санаачилсан юм.  “Ард түмнээ сонсоё аян”, “Нийгмийн Ардчиллын аян” зэргийг хэрэгжүүлж, намын уугуул нэрийг сэргээсэн нь хожим 2012 оны их хурлын сонгуульд ялагдах гол шалтгаан гэж хүмүүс үздэг ч энэ нь шинэчлэлийн чухал алхам байсан гэж үздэг. 2010 онд намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож залуучуудын санал бодлыг сонсох, үүнд тулгуурлан хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор  “Би бодохдоо”, “Анхаа хулангийн асуудал“, “Залуу манлайлал үндэсний хөтөлбөр, ЗР хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж “Залуус хөгжлийн төв”-ийг байгуулж байв. 2015 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх үед залуучуудын байгууллагын насны хязгаарыг 35 хэвээр байлгах байр сууриндаа бат зогссон.  2011 онд Нарийн бичгийн даргаар, 2012 онд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан.

‘15

Харвардын төгсөгч

2012 онд их хурлын сонгуульд АН ялалт байгуулсны дараа Харвард Кеннидийн их сургуульд төрийн удирдлагаар мастерт сурч эхэлсэн. 2015 онд сургуулиа амжилттай төгссөний дараа эх орондоо ирж “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан.  Улс орны хөгжлийн үндэс нь ард түмэн рүү чиглэсэн бодлогод суурилсан байх ёстой гэж үздэг. 2016 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр төлөвлөж байгаа.

‘15

"Азийн хүлэг улс" номын нээлт

10 жилийн өмнө “Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоороо тухайн үед залуучуудыг байлдан дагуулж байсан. Харин тэрээр энэ удаа  “Азийн Хүлэг Улс” хэмээх энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөнджээ. Энэхүү тэргүүн дэвтэр нь доголон ардчилал, түүчээ шувуу, цогтэрдэнэ гэсэн 3 үндсэн бүлэг 30 дэд сэдвээс бүрдэж байгаа бөгөөд өнөөдөр манай улсад тулгамдаж буй хөгжлийн сонирхолтой асуудлуудыг багцлан товчоор илэрхийлэхийг зорьсон байна. “Азийн хүлэг улс” ном нь Дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлыг өвөр хуудсандаа нийтэлсэн бөгөөд Монгол улс “Азийн хүлэг улс” болох хөгжлийн бодлогыг энэ номноос тольдож болно. 

‘16

"Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэн

"Азийн Хүлэг Улс" бодлогын судалгааны хүрээлэн нь салбар бүрийн залуу удирдагчид болон судлаачдын нэгдэл болсон ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 

Улс орны минь хөгжил "Сургаар бус судалгаагаар хөгждөг" байгаасай хэмээн өөрийн Харвардын их сургуулийн дипломын ажлаа бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үйлсийн эхлэл болоосой хэмээсэн болно.