Мэдээ

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл...

“ТУРШЛАГА, МЭДЛЭГ, ЭРЧ ХҮЧ” ГУРВАА ХЭНТИЙЧҮҮД УГТАЖ АВЛАА

2016-06-17

Хэнтий аймагт МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улстөрч Л.Оюун-Эрдэнэ, НАМОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга нарын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт бямба гарагт Чингис хотноо олон хүнийг хамарсан, өргөн цар хүрээтэй боллоо. МАН-аас УИХ-д илгээсэн төлөөллийг Хан хэнтийчүүд өндөр сэтгэгдэлтэйгээр угтаж авсан.

        АДБ-ийн Хан Хэнтий чуулгад  болсон сонгуулийн сурталчилгааны нээлтэнд нэр дэвшигчдээс гадна МАН-ын УЗ-ийн гишүүн У.Хүрэлсүх, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Ганди, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба болон Монголын урлаг, соёлын алдартнууд зэрэг нэр хүндтэй олон хүн оролцож, нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ялалтыг хүслээ.  

 


       Хэнтийчүүд энэ удаагийн сонгуулиар шинэ эргэлтийн сонголт хийнэ гэдэгт найдаж буйгаа ч МУ-ын гавьяат барилгачин Г.Гантогоо,  нээлтийн үеэр үг хэлсэн олон хүн тодотгож байсан юм. МАН-ын туршлагатай улс төрч Т.Ганди, “Хэнтийчүүд Та бүхэн азтай, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарыг МАН зүгээр ч нэг илгээгээгүй. “Туршлага, мэдлэг, эрч хүч”-ийг Хэнтийд хэрэгтэй гэж үзэж, энэ гурвыгаа илгээж байгаа юм. Мэдлэгийн төлөөлөл байгаасай гэсэндээ танай нутгийн Л.Оюун-Эрдэнийг МАН бодлогоор бэлтгэсэн шүү, Дэмжээрэй.”  гэсэн нь Хэнтийчүүдийн сэтгэлд ихээхэн хүрсэн  юм.


    МАН-ын мөрийн хөтөлбөр танилцуулсны дараа яг одоо Хэнтийчүүдэд, цаашлаад МУ-д хэрэгтэй байгаа, нүдээ олсон олон асуудлыг тусгасан байгааг ч цөөнгүй иргэн хэлж байв. Мөн сүүлийн 4 жилд аймаг орон нутагт санаа зовоосон, иргэдийг тавгүйтүүлсэн, зарим үед бүр тэвчээр алдахад ч хүргэсэн олон үйл явдал болсныг иргэд зарим жишээ баримтаар шүүмжилж байв. Нээлтийн үеэр 41-р тойрогт нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Би 15 жилийн өмнө Хэнтий аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байлаа. Харин одоо Монголынхоо хөгжлийн бодлогыг тодорхойлох хэрэгтэй байна. Шинэ дуу хоолой Монголын улс төрд хэрэгтэй байна.” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон нь цугларсан иргэдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.          

БЭРХЧҮҮД  НУТГИЙНХАА ХҮҮГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭЖ АВЛАА

      Хэнтий аймагт УИХ-ын сонгуулийн 41-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ өөрийн төрж, өссөн Бэрх хотоос сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Тэрбээр 60 гаруй жилийн түүхтэй энэ уурхайн хотоос сурталчилгаагаа эхлүүлж байгаа нь учиртай аж.  Ажил, амьдралын гараагаа эндээс анх эхлүүлж байсан учир Бэрхийн ЗАА-аар хамгийн эхэнд орж туг, сүлднээс нь адис авсан юм. Тэрбээр 10-р анги төгссөн жилээ анх энэхүү ЗАА-ны байранд жижүүрээр ажилд орж байснаа энэ үеэр дурслаа.

       Дараа нь уурхайн Соёлын ордонд төрөлх нутгийнхантайгаа уулзсан юм. Түүнийг Бэрхчүүд өндөр сэтгэгдэлтэй угтаж авсан бөгөөд төрөлх нутгийнхаа хүүг УИХ-д нэр дэвшиж байгаад бахархаж, сэтгэл нь огшиж байгааг олон хүн нуусангүй. Түүнтэй нүүр тулж уулзахаар танхимыг дүүргэсэн бүх хүн Л.Оюун-Эрдэнэтэй мэнд ус мэдэлцэж, нутаг орны амьдралын талаар энгийн яриа өрнүүлж, дурсамж хүүрнэж байсан нь бусад нэр дэвшигчдийн хэвшмэл, албархуу уулзалтаас ялгарч байв. Амьдрал нь сүүлийн 4 жилд хэцүүхэн байгааг, Бэрхэд нь ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч, төрийн бодлогоос хаягдсаныг нутгийнхаа хүүд нууж хаалгүйгээр олон хүн ярьсан.

Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Би Бэрхдээ хэзээ ч аль нэг нам, улстөрчийг ярьж, шүүмжилж улстөржихгүй ээ. Та нарыг бүгдийг нь би танина. Бидэнд хөгжил л хэрэгтэй байна. Хамт урагшилъя.” гэсэн нь олон хүнд нэгийг бодогдуулна лээ.

    Мөн “Улс төрд шинэ эргэлт хийх цаг ирлээ. Залуу үе одоо л улс оронд маань хэрэгтэй байна” гэж улс төрч Т.Ганди үг хэлэхдээ онцолсон нь Бэрхчүүдийн загатнасан газрыг маажих шиг болов. Бэрхээр овоглосон, шинэ залуу үеийн төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнийг дэмжихийг уриалж энэ удаагийн уулзалтанд МАН-ын УЗ-ийн гишүүн У.Хүрэлсүх, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Ганди,  МУГЖ И.Одончимэг, жүжигчин Н.Онон, дуучин Наран, Бэрхийн унаган хүүхэд, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай зэрэг улс төр, урлаг соёлын олон алдартан ирж оролцсон юм. Уулзалтын үеэр нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын болон өөрийн мөрийн хөтөлбөрөө нэлээд өвөрмөц хэлбэрээр танилцуулсан. Хэнтийн, бас Бэрхийн хөгжлийн шинэ гарц юу байж болохыг сүүлийн жилүүдэд  хийсэн бодлогын судалгааны хүрээлэнд боловсруулснаа өвөрмөцөөр хүргэсэн нь төрөлх нутгийнх нь зон олноос “Амьдралд хамгийн ойр бодлого” гэдэг үнэлгээг авч чадсан юм. “Урьд нь Бэрхэд ирж УИХ-д нэр дэвшиж байсан “гадны” нэг ч хүн биднийг гэсэн ийм бодлого, хөгжлийн гарцыг ярьж байгаагүй” хэмээсэн Бэрхчүүд намаар ялгарч талцахгүйгээр нутгийн хүүгээ 100 хувь дэмжихээ  илэрхийллээ. 
 

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин