Хэлсэн үгнүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм

02.07.2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Монголчууд аа,

Их жанжнаараа овоглосон наран мандах нутгийн эзэд эрхэм Сүхбаатарчууд аа,

Энд хуран цугласан төмөр замчид, инженер техникийн ажилтнууд,боомтын ажилтан, албан хаагчид аа,

Та бид Ардын хувьсгалын түүхт 100 жил, 101 дэх жил рүү шилжиж, шинэ зуун эхлэх торгон заагт Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөрзамын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим километр төмөр замын их бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болж байна.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлээр үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Монгол Улс саяхан бүх аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох “Мянганы зам” төслийг бүрэн хэрэгжүүлж чадсан.

Одоо Монголчууд Та бидний өмнө бүх боомтоо хатуу хучилттай автозамаар холбох, стратегийн боомтуудаа Үндэсний төмөр замын сүлжээнд бүрэн холбох, Замын-Үүд-Алтанбулагийн боомтыг олон улсын зэрэглэлийн хурдны замаар холбох томоохон зорилт байна.

Миний бие Улсын Их Хурлын танхимд “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байснаа дахин энд онцолж байна.

Цар тахлын, бас дайны энэхүү цаг үед тээвэр логистик, хил хязгаарын удаашрал, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг олон сөрөг хүчин зүйлс бүтээн байгуулалтын ажилд бодитоор нөлөөлж байгаа боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй олон ажлыг амжуулж чадлаа.

-       Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, Тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж чадсан. Энэ бүтээн байгуулалт ердөө нэг жилийн дараа буюу 2023 оны эхний хагаст ашиглалтад орж, Монголчууд бид дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Гүний уурхайтай болно.

-       Монгол Улсын Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой хил холболтын цэгээр холбогдож,  экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр олон жил улс төржин маргаж, 80 гаруй их наяд төгрөгийн алдагдсан боломжийн өртөг шингэсэн Гашуунсухайтын төмөр замын ажил энэ намартаа бүрэн дуусна.

-       Саяхан Ханги-Мандал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж байсан бол бүтээн байгуулалтын ажил хурдтай өрнөж, товлосон хугацаанаасаа өмнө дуусах таатай мэдээ ирж байна. Ингэснээр бид 2 дахь Замын-Үүдтэй болно.

-       Удахгүй Шивээхүрэн-Сэхэ боомт хүртэлх төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, Арцсуурь-Шивээхүрэн боомтыг холбох Баруун босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж дуусч байгааг мэдэгдэхэд таатай байна.

-       Мөн Ульхан-Хавиргын боомтуудыг автозамаар холбох ажил энэ сардаа багтаж эхэлнэ.

Харин өнөөдөр Та бидний хамтдаа эхлүүлж буй Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөрзамын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт 2 дахин нэмэгдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах болно. Бичигтийн боомтыг Монгол Улсын загвар боомт болон олон улсын жишигт нийцүүлэн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн шийдвэрлэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Өнөөдөр эхлүүлж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина.

Энэхүү хөгжлийн таатай боломжууд нь нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад томоохон түлхэц үзүүлнэ.

Эрхэм хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд ээ,

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад түүхэн чухал алхам гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Монголчууд аа,

Дэлхий даяар цар тахал, геополитикийн хямралаас улбаалж, үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ.

Та бид хичээвэл ямар ч сорилтыг даван туулж чаддагийн бодит илэрхийлэл бол өнгөрсөн нэг жилийн хугацаа байлаа.

Ердөө л нэг жил гаруй хугацааны өмнө вакцинжуулалт эхлээгүй, хатуу хөл хориотой, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан, зоогийн газар, фитнесс клубээс эхлээд хичээл сургууль, олон нийтийн бүхий л арга хэмжээ хязгаарлагдаж, Улсын Их Хурлын чуулганаас эхлээд бүхий л байгууллага цахимаар ажиллаж, Үндэсний их баяр наадам ч зохион байгуулах боломжгүй байсан хүнд өдрүүд байлаа.

Харин өнөөдөр Монгол Улс цар тахлыг даван туулж, цар тахлын хязгаарлалтуудыг цуцалж, жуулчдыг нээлттэй урьж чадсан цөөн улсуудын нэг болж чадлаа. Та бид хамтдаа хичээж чадвал нэг жилийн дараах Монгол Улсын эдийн засаг одоогоос огт өөр түвшинд очсон байх болно. Яагаад гэвэл тэр үед бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын төмөр замын 5 гарцтай улс болсон байх болно.

Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!